Балиар өөдрөг байх эрүүл юм уу?

Oko D
3 min readSep 6, 2022

Миний нэг хуваалцдаг, давтдаг, итгэдэг нэг санаа бол “БАЛИАР ӨӨДРӨГ БАЙХ”.

Энэ агуулга, санааг танилцуулах тоолонд хүмүүс янз янзаар хүлээн авдаг нь ойлгомжтой. Гэхдээ гараад байдаг нэг сөрөг ойлголт нь гэвэл: Балиар өөдрөг байх нь өөрөө ЭРҮҮЛ БИШ зүйл гэдэг санаа зарим хүмүүс дээр дахин, дахин гарч ирсээр байдаг.

“Балиар өөдрөг байх” гэдэг нэр томьёон дотор 3 зүйл багтсан байгаа. 1 дэх нь өөдрөг буюу эерэг, хичээл зүтгэлтэйгээр, тэмүүлэлтэйгээр аливаад хандах. 2 дахь нь балиар гэдэг тодотголыг ашигласнаараа тэр хэмжээний дийлдэшгүй тэнхээтэй байх, хэтрүүлсэн хэмжээний өөдрөг түвшинд ашиглах тухай байна.

Балиар өөдрөг байх гэдэгт бид хүний бусад сэтгэл хөдлөлийг үгүйсгэсэн, аньсан асуудал ерөөсөө яригдахгүй байгааг сануулмаар байна.

Бид эцсийн балиар өөдрөг байхын тулд өөрийнхөө амьдралд бодитоор байгаа бүх л сэтгэл хөдлөлийг ЗӨВ, БУРУУ гэлтгүйгээр хүлээн зөвшөөрч, боловсруулж оролцуулах асуудал байгаа шүү.

Эерэг, сөрөг, зөв, буруу сэтгэл хөдлөлүүдийн алийг нь ч байлгасан эцэст нь та ямар хандлагыг сонгох нь чухал. Яагаад гэвэл: Тэр нь өөрөө хэрэгтэй үйлдлийн суурь нь болно.

Эцэст нь бид нар тэр бүх сэтгэл хөдлөл, тэр сөрөг, эерэг холимог байдлуудад байснаараа дараа нь өөрийнхөө амьдралд хэрэгтэй үйлдлийг хийхэд зорьдог гэдгийг мартаж болохгүй.

Тэгвэл олон судалгаагаар ӨӨДРӨГ, ЭЕРЭГ байдлаар хөтлөгдөж бодох нь эцсийн үр дүнд ямар их ялгаатай байдгийг аль хэдийн баталсан байдаг. Үйлдэл хийдэггүй юм аа гэхэд ядаж л эерэг талаас нь ямар нэгэн асуудлыг ажигласны дараа хүний дотор гардаг МЭДРЭМЖИЙН, СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН, ХИМИЙН УРВАЛЫН улмаар амьдралдаа хийх сонголт, үйлдлийн ялгаа ямар ондоо байдгийг хангалттай судалгаанууд баталсан байдаг.

Тиймээс миний зүгээс ӨӨДРӨГ БАЙ гэж хэлэхээрээ би бусад зүйлийг сохроор БАЙХГҮЙ БОЛГО, ҮГҮЙСГЭ гэсэн асуудал ерөөсөө биш. Харин тэр болгоныг хүлээн зөвшөөрч, тэр болгоныг таньсныхаа эцэст та ямар итгэлцлийн, ямар хандлагын тэгээд ямар үйлдлийн сонголт хийх вэ? гэдэг тухай ярьж байгаа.

Балиар буюу ХЭТРҮҮЛСЭН байдлаар өөдрөг бай гэдгээрээ бас хэлмээр байгаа 1 зүйл нь амьдралд олон амжилттай хүмүүсийг харахад тэд нар өнөөдөр аливаа зүйлийн сөрөг талыг харж чаддаг хүмүүс байдаг. Ямар нөхцөлөөс үл хамаарч аливаа зүйлийн ЭЕРЭГ талыг харж чаддаг хүмүүс нь урт хугацаандаа илүү амжилттай, илүү орлоготой амьдарч чаддаг гэдгийг судалгаанууд баталсан байдаг.

2019 оны байдлаар гаргасан судалгаанаас харахад аз жаргалтай, илүү өөдрөгөөр харж чаддаг хүмүүс нөхцөл байдал, амьдрал, эдийн засгаас үл хамаараад бусдаасаа 20–30% илүү урт, аз жаргалтай амьдардаг гэдгийг баталсан байна.

Stanford их сургуулийн хамгийн алдартай оюутнуудын орох дуртай хичээлүүдийн нэг нь “АЗ ЖАРГАЛ”-н тухай хичээл байдаг. Энэ болгоноороо юу хэлээд байна вэ? гэхлээр бид нар ямар амьдралд амьдарч байгаагаас үл шалтгаалаад өнөөдөр гаднын хүчин зүйлийг удирдаж чадахгүй гэж анхаарч, хүлээн зөвшөөрөхдөө биш харин тэрний эсрэг яаж бид нар тэсвэр хатуужилтай, юмны эерэг талыг нь харж чаддаг, өөдрөг өнцгөөр нь хандаж чаддаг болох вэ? гэдэг чинь өөрөө бидний хийх ёстой үйлдэл, хандах ёстой хандлага гэж итгэж байна.

БАЛИАР ӨӨДРӨГ БАЙХ гэдэг бол зүгээр уншаад, бодоод яваад байдаг үг биш. Гэхдээ үйлдэл хийлгүйгээр зүгээр бодоход хүртэл энэ байдал нь амьдралд нөлөөлдөг гэж хэдийн батлагдсан байгаа. Тэгэхлээр хэлж буй санаа нь зүгээр ингээд яриад, хэлээд явахдаа биш тэрэндээ итгэх, итгэсэн дээр үндэслээд бидний сэтгэх, юмны илүү өнцгийг харах, чөлөөтэй, бүтээлчээр аливаа зүйлийн учрыг олох чадвар хамаагүй ондоо байдгийг баталсан байгааг дахиад л сануулъя.

Өөрийнхөө амьдралд хэрэгтэй шаардлагатай, ядарсан ч гэсэн тэнхээтэй тэр үйлдэл, сонголтыг хийх нь өөрөө эцсийн үйлдэл, хамгийн чухал гаргалгаа гэдгийг сануулмаар байна.

Тэгээд эцэст нь хэлэхэд “ҮНЭН” гэдэг маскийн ард нуугдсан аливаа зүйлийн сөрөг шүүмжлэлийг ярих нь амархан гэдгийг мартаж болохгүй. Болохгүй зүйлийг болохгүйгээр нь хэлэх шиг амархан юм байхгүй. Хэцүү зүйлийн хэцүү гэдгийг нь товойлгоод муулах шиг амархан юм байхгүй. Харин тэр болгон дотроос юмны өөдрөг талыг нь харж, гаргалгааг нь гаргаж, болох бүтэх замналыг нь олж тэгээд тэр болж буй нөхцөлд дараачийн хэрэгтэй үйлдлийг хийх зориг тэнхээ, гаргалгаатай болох нь хэцүү гэдгийг сануулмаар байна. Өөрөөр хэлбэл өөдрөг байх нь амархан биш, өөдрөг байна гэдэг нь өөрөө МАШ ХЭЦҮҮ, ЗОРИГ ШААРДСАН БАЙДАЛ юм. Юмыг шүүмжлэх, болохгүйг нь хэлэх, бууж өгөх, муулах гэдэг бол амархан шүү.

За балиар өөдрөг байцгаагаарай. Дараачийн блогоор уулзацгаая. Мөн Инстаграм хаягийг маань дагахаа битгий мартаарай. https://www.instagram.com/okod/

Хэрэв та ганцаарчилсан көүчинг авахыг хүсч байвал эсвэл көүчингтэй холбоотой асуулт байвал https://www.okod.online/coaching вэбсайтаар орж мэдээлэл авах боломжтой шүү.

--

--