Харанхуйд ялаа шавахгүйгээр гэрэл асдаггүй

Oko D
2 min readJun 13, 2022

--

Олон шинэ зүйлийг хийж, амьдралдаа ахиц гаргаж, урьд нь хийгдэж байгаагүй шинэ зүйлийг ажил, амьдрал, харилцаан дээрээ хийнэ гэдэг өөрөө маш их эрсдэлтэй алхам байдаг. Энэ алхам нь өөрөө зөвхөн хувийн үйл ажиллагаа биш олон нийтийн өмнө хийгддэг болохоор зөвхөн өөрөө өөрийнхөө айдсыг давж ахицыг хийхээсээ гадна бусдын эргэн тойронд хийнэ гэдэг давхар хүндрэлийг бий болгож байдаг.

Тэгэхээр бид хэдийгээр байнга өөрийгөө туршиж, шахаж, түлхэж, шинэ мөрөөдөл, шинэ оргилыг амьдралдаа үүсгэхийг хичээдэг ч гэсэн тэр нь эргэн тойрны хүрээлэлтэй харьцаад ирэхлээр олон асуудалтай нүүр тулдаг.

Тиймээс өнөөдөр би үүнтэй холбоотой ганц, хоёр санааг хуваалцах гэсэн юм.

Нэгт нь: ЗОРИГТОЙ ҮЙЛДЭЛ АЙМХАЙ ХҮМҮҮСИЙН ДОТООД АЙДСЫГ ИДЭВХЖҮҮЛДЭГ.

Бид хэн нэгэн хүний шинэ агуу үйлдлийг харахаараа хамгийн түрүүн ихэнхдээ өөрийнхөө дутагдалтай талыг, өөрийнхөө чадахгүй зүйлсийг тусгаж хардаг болохоор автоматаар өөрийн мэдэхгүйгээр бид тэр хүний хийж буй үйлдлийг шүүмжлэх, үгүйсгэх, дарах бодол руу ордог. Зоригтой үйлдэл хийх, зоригтойгоор өөрийнхөө амьдралд хэрэгтэй сонголт, алхмыг хийнэ гэдэг өөрөө харамсалтай нь бусад хүмүүсийн айдсын шархыг байнга сэргээж байгаа үйлдэл болж таардаг.

Хоёрт нь: ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ ЧАДДАГ, ӨӨРТЭЙГӨӨ ТАЙВАН БАЙЖ ЧАДДАГ ХҮМҮҮС ЭРГЭН ТОЙРНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДДАГ.

Бид амьдралдаа шинэ зүйлийг хийх, шинэ өөрчлөлтийг авчрах үедээ түрүүчийн хэлж байгаагаар эргэн тойрны хүрээлэл хүмүүс маань миний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, АЙХГҮЙГЭЭР намайг дэмжихэд бэлэн үү, ШҮҮМЖЛЭХГҮЙГЭЭР намайг дэмжихэд бэлэн үү гэдгийг бодох хэрэгтэй.

Бидний эргэн тойронд байгаа хүмүүс санамсаргүйгээр өөрсдийн айдас, тогтворгүй байдал, эдгээх ёстой асуудлуудаараа дамжуулж өөрчлөлтийг маань үгүйсгэх гэж оролддог. Яагаад вэ гэвэл: Хэрвээ бид хажууд нь өөрчлөгдөөд, сайжраад явчих юм бол тэд ихэвчлэн хаягдах, гологдох, мөн өөрийнхөө дутагдалтай байдлыг хүлээн зөвшөөрөхтэй нүүр тулдаг болохоор тэд эсэргүүцэж эхэлдэг. Тиймээс бид амьдралдаа аливаа ахиц, том өөрчлөлтийг хийнэ гэвэл хүрээллээ бэлэн эсэхийг, ямар хүрээллийн эргэн тойронд үүнийг хийх болон хэнтэй энэ тухай ярих эсвэл ярихгүй нэг хэсэг байх уу гэдгийг бид урьдчилан төлөвлөж, удирдаж сурах хэрэгтэй.

Эцэст нь: эргэн тойронд гарч буй ШҮҮМЖЛЭЛ, ЭСЭРГҮҮЦЭЛ, ДАРАМТ-н хэмжээ нь таны хийж буй агуу ажил, өөрчлөлт, ахицын хэмжээтэй шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл: та хэр том эрсдэл авч, хэр том зоригтой алхмыг хийнэ төдий хэмжээний эсэргүүцэл, сөрөг балансын үйлдэл, энерги, анхаарлууд орж ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Үүнийг бид өөртөө хэрэгтэйгээр ашиглах арга нь: ЯЛАГДАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХЫН ОРОНД ӨӨРИЙНХӨӨ АЛХАМЫН ХЭМ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ, ҮЙЛДЛИЙН ЦАР ХҮРЭЭГ ХЭМЖИХ ЗЭМСЭГ БОЛГОЖ АШИГЛАХ БОЛОХ ЮМ.

Нэгэнт л хувь хүний өөрчлөлт гэдэг бол ганцаараа аквариумд хийгддэг ажил биш гэр бүл, найз нөхөд, хүрээллийнхээ дотор хийгддэг ажил гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ өөрчлөлтөд дэмжлэг болж болохуйц эсвэл эсрэгээрээ зангуу болж болохуйц хүрээллийнхээ ааш араншин, эх сурвалжийг нь ойлгон тэдэнтэй хамтран ажиллаж сурах хэрэгтэй гэдгийг энэ нийтлэлээрээ ойлгуулах гэж оролдлоо.

За балиар өөдрөг байцгаагаарай. Дараачийн блогоор уулзацгаая. Мөн Инстаграм хаягийг маань дагахаа битгий мартаарай. https://www.instagram.com/okod/

Хэрэв та ганцаарчилсан көүчинг авахыг хүсч байвал эсвэл көүчингтэй холбоотой асуулт байвал https://www.okod.online/coaching вэбсайтаар орж мэдээлэл авах боломжтой шүү.

--

--